САМОРОДОК
Сэтгүүлч, нийтлэлч О.Эрдэнэжаргал эдүгээс 12 жилийн тэртээ “Миний мэдэх ГОК-ын ОВГОРУУД” номоо олны хүртээл болгосноос хойш нэг үе өнгөрчээ. Тэрхүү номын баатрууд өөрөөрөө гэрэлтсэн “технократууд”-ууд байсныг сэтгүүлч анх нэвтэрч, нээж өгсөн. Тэргүүлэх тэр инженерүүдээс олонхи нь төрийн соёрхлыг хүртсэн, халаагаа ч өгсөн. Эдүгээ инженер суурьтай, эдийн засгийн бодлоготой, шинжлэх ухаанд тулгуурласан ил уурхайн ажил өрнөж байна. Өдгөө үйлдвэрийн бодлогыг тодорхойлж буй хоёр дахь үеийн тэргүүлэх инженерүүдийг чимээгүй ажлаа хийж яваа “шижир алт”-нууд гэж тэр хэлж байна. Хотын засаг дарга ч инженер хүн байгаад тэр олзуурхаж байна. Шижир алт усны ёлоолд, чулуу шиг харагддаггүй. Энэ харагддаггүй хүмүүсийн тухай сэтгүүлч бичиж эхэлжээ. Генералгүй арми байдаггүйтэй адил аль ч талаасаа яаж ч харсан яах араггүй эхнэхүү САМОРОДОК-уудын эхнийх нь үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн юм. Үргэлжлээд явах тэр “цул алт”-нууд хэн хэн байгаа нь сонирхол татна. Тэднийг бөгж болгонуу, ээмэг болгонуу, бугуйвч болгоно уу, бүр балбаж нүдээд юу ч биш болгон уу бичээчийн хэрэг. Гэхдээ цул алт, алтаараа л үлддэг гэж ах хэлж байна. Ингээд инженер, эмчийн гэр бүлд төрж өссөн, сэтгүүлч ахдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэж эрүүл, саруул энх тунх байж санаснаа гүйцэлдүүлээрэй хэмээн чин сэтгэлээсээ ерөөж, бүтээлийнх нь дээжээс олонд хүргэж байна. Таалан болгооно уу…
Нэгэн зүйл тэмдэглэл \Миний аав, ээж, эхнэр , хүүхэд “Эрдэнэт” шиг ийм л үйлдвэрт ажиллаасай гэсэн хүсэл мөрөөдөл хүн бүхэнд байдаг. \ Зохиогч\ Монгол Улсынхаа сүлд хиймориор зүйрлэх юм бол, дэлхийд эхний цээжинд давхих, уул уурхайн баяжуулах Эрдэнэт- үйлдвэр гэхээр Монгол хүн бүрийн зүрхэнд нэг юм огшоод явчихдаг. Үнэхээр ч энэ үйлдвэр эх орныхоо ачааг олон жил “Түүчээ тэмээ” шиг үүрч, Эрдэнэтийн асуудал монголын улс төрийг хөтөлж ирсэн нь үнэн. 1990 онд өрнөсөн ардчилал, зах зээлийн шилжилтэнд Монголчуудын ахуй амьдрал цочмог доройтсон. Ийм үед “Эрдэнэт” үйлдвэр, Монгол орныг чирч явсан нь бас хөдлөшгүй үнэн юм. Он жилүүд улирч энэ их бүтээн байгуулалт хоёр нийгмийн нүүр үзэхдээ орчин цагийн Монгол улсын бэл бэнчин, бэлэг тэмдэг нь болсоор ирлээ. Тиймээс ч “Эрдэнэт” үйлдвэр дангаараа манай түүхийн тусгай бүлэг бүрдүүлэхүйц томоохон үзэгдэл ба өрнөл юм. Шинэ тогтолцооны эхэнд дуулиан, шуугиан тарьсан “Зууны шилдэг луйвар”-аас хойшхи үйл явдал, үзэгдэл өрнөлыг харахад Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар улс төрийн томилгоотой нөхдүүд ирж л байдаг, явж л байдаг… Үүнийг хэний хүн, хэн бэ гэдгээр “ ээлжит хоолонд орох “гэж нэрлэсэн нь одоо ч хүчинтэй хэвээр үйлчилж байна. За яахав дээ “Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” гэдэг. Шуудхан хэлэхэд бүгд л байгаа дээрээ гэсэн сэтгэлгээтэй дунд гарын хулгайчид. Санасан, хүссэнээ бүтээсэн нь сайн хүн шүү гэх, гуйлга түүлэг нь бүтээгүй нэг нь муу хүн шүү гэх, “Сайнтай муутай сав дүүрдэг хорвоо. Гэвч “До”, “На”, “Га”, “Да” гээд тус үйлдвэрийг удирдаж ирсэн Ерөнхий захиралууд яг юу үлдээсэн юм бэ гэдэг асуултыг нээлттэй үлдээе. Миний хувьд дээрх захиралуудаас “ШО”-той нэг микр нэг байранд байдаг тул тааралдана, мэнд мэдэж хэд гурван үг сольдог л байсан. “До” захиралийн үед хувийн сонины эзэнд “зарагдаж” явах зурвас үедээ нэг бус удаа захирлын нэхэмлэлээр шүүхэд дуудагдаж л явлаа. “На” захиралтай их ойрхон байсан. Нэг байранд зэргэлдээ орцонд байв даа. “ Га” болон “Да” захиралтай цахилгаан шатанд таарч байснаас цаашгүй. Харин “Ба” захиралтай одоо ч үг сольж үзээгүй гэдгээ ичилгүй дурьдая. Ер нь тэд хүн болгонд таалагдах албаггүй л дээ. “До”-ийн үед доргиж, “На”-ийн үед найрамдаж, “Га”-ийн үед галзуурч, “Да”-ийн үед даварч явлаа гэсэн ийм нэг явган шог ч гэмээр яриа уурхайчдын дунд явдаг нь нааштай цааштай, сайнтай муутай өөрчлөлтийг хэлсэн биз. Гэхдээ тэд хэн хэнээсээ ялгаатай, өөр өөрийн гэсэн ажлын арга барилаар удирдаж байсныг хожим өгүүлэмц.
Хүн бүрт адилхан юмыг оюун сэтгэлгээ гэнэ. Хүн болгонд өөр байдаг юмыг сэтгэлзүй гэнэ. Ухаант амьтан хүнийг сэтгэлзүй нь хөтөлж явдаг. Хамаг хүндрэл үүнээс үүсдэг. Манай улс төрд монголоо гэсэн итгэл, сэтгэл байдаггүй нь хамаг бүхний хаалт болоод байна. Монгол хүн муу юу гэвэл, муу. Гэхдээ бусад бүхний адил муудаа муу, сайндаа сайн. “Хоёр хөлтөн хохимой толгой хаана ч адилдаа адил, годилдоо годил” гэж монголчууд ярьдаг уламжлалтай. Яг ингэж үздэг юм нь өнөөгийн монголын улс төр болоод байна.
Ер нь хэн ч ирсэн энэ үйлдвэрийг аваад явчихна гэсэн сэтгэлзүй улс төрчдөд байна. Болдоггүй юмны чинь нэг уул уурхайн салбар байхгүй юу. Аа бас Анагаахын салбар байна. Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл сайныг нь харья, сайныг нь хэлье л гээд байгаа юм. Олон нийтийн сүлжээгээр ингэсэн, тэгсэн гээд шуугиад байсан жижиг сажиг асуудал бол хоёрдугаар зэргийн авч үзэх зүйл.ТӨҮГ-ийн ерөнхий захирал тэр зэргийн бүрэн эрхээр хангагдаж ажиллах нь олон улсад байдаг нийтлэг практик. Эрх мэдлээ хэтрүүлбэл дараа нь хар толгойтой нь тооцоо хийнэ гэдгийг хашир хүн мэдэхтэйгээ.
Монголчууд “Та ардаа юутай хүн бэ?” гэж ам асуух заншилтай. Тэгвэл … “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн зургаа дахь ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн хэмээх энэ хүн гаднаас сайн дураараа мэдэхгүй салбарт мэдэхгүй хүн ороод ирээгүй. Товчхон тодотгож хэлбэл 1980 онд ЗХУ-ын \хуучин нэрээр\ Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер –маркшейдер мэргэжлээр төгссөн, Москва хотын уул уурхайн их сургуульд “Монгол улсын уул уурхайн үйлдвэрлэлд экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах арга замууд” сэдвээр 1999 онд Техникийн ухааны докторын\Ph.D\ зэрэг, мөн тус хотын их сургуульд “Монгол Улсын уул уурхайн үйлдвэрүүдийн газрын хэвлийн ашиглалтын үнэлгээ” сэдвээр 2004 онд Техникийн шинжлэх ухааны докторын \Sc.D\ зэрэг тус тус хамгаалсан манай уул уурхайн салбарт урьдаа барьдаг туршлагатай, зангарагтай, шилдэг ЭКСПЕРТҮҮДИЙН нэг. Энэ хүний эрдэм мэдлэгийг улс орон, уул уурхайн салбар урьдаа барьж ашигласаар ирсэн.
Тэрбээр 1980 онд сургууль төгссөн цэл залуухан инженер ГУУЯ-ны ерөнхий маркшейдерээр ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлснээс хойш өнөөг хүртэл улсад хүчээ өгч, уул уурхайн салбартаа нөлөө тусгалаа үзүүлсээр явна. Удирдлага ухаантайдаа биш, эрчимтэйдээ гэж Чарльз Дарвины өвөө Эразм Дарвин хэлснийг ишлэсээр ирсэн нь учиртай үг. Уулын баяжуулах үйлдвэр гэдэг Налайхын уурхайд жижиг хүрз бариад ордгоос тэс өөр юм. Уул уурхайн нарийн дэвшилтэд технологид мэргэжлийн мэргэшсэн багтай, мэргэжлийн мэргэшсэн хүн л энэ өөрчлөлтөнд зохицож, уул уурхайн эдийн засгийн менежментийг хийж тэнцвэртэй ажиллаж чаддаг. Яг ийм цаг үеийн мөчлөгт мэргэжлийн салбарыг мэргэжлийн хүнээр нь удирдуулсан нь, тогтолцоо сайн муу ямар байхаас үл шалтгаалан төр харах юмаа хардаг. Энэ утгаараа үзэх юм бол манай улс төр бас яахаа алдчихсан “салга амбан” биш юм байна.
“Ба” захирал энэ үйлдвэрийн удирдлагаар 2016 онд ирснээр юуг олж харав, ямар юм үлдээв гэдэг л чухал. Тэрбээр үйлдвэрийн газрын хамгийн үнэ цэнэтэй баялаг бол ажилтан, ажилчид юм гэдгийг үнэт зүйл, бодлогоо болгосон. Энэ бодлогогын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагыг илүү өндөр түвшинд гаргах, тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэх, Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр байгуулсан нь алсын хараатай шийдвэр болсон. Хөрөнгө оруулалтыг ч харамгүй зориулж, бүтээн байгуулалтын хоёр дахь шинэ үеийг эхлүүлснээр, орон сууцны “Уурхайчин -1,2,3” хорооллын төслүүдийн барилга баригдаж эхэлж байна. Энэ нь Эрдэнэт хотын хөгжилд их том хувь нэмэр оруулж байгаагийн баталгаа юм. Үүнээс гадна ажилтан, ажилчидынхаа, орон сууцтай болоход нь зориулан олгодог дэмжлэгээ 12 сая төгрөг болгож нэмэгдүүлэв. Мөн ажилтан, ажилчиддаа 24 төрлийн тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Энэ утгаараа Монгол Улсын хэмжээнд нийгмийн хариуцлагатай жишгийг “Эрдэнэт-үйлдвэр” ТӨҮГ цоо шинээр тогтоож чадсан нь нийгмийн шинжтэй олон асуудал цэгцтэй ойлгомжтой, тодорхой, хүртээмжтэй, үр өгөөжтэй шийдвэрлэгдэх болсон.
Дэлхий нийтийг бачимдуулсан ковидын дайны эдийн засгийн хямралд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөөд ч яаж ч болдоггүй ийм цикльд энэ үйлдвэрийг удирдаж явах хувь тавилан “Ба” захиралын үед тохиож байгаа нь олзуурхууштай. Үүнийг дайны цагийн үе ч гэж үзээд байна. Ер нь энэ улсад сайн сайхан ба муу муухайн тэмцэл явагдаж буй энэ цаг үед ГОК бол улс тодорхи “Ванд улс” гэдгээ баталж төлбөрийн чадваргүй энэ улсын тулах багана, чирэх зүтгүүр нь Эрдэнэт- үйлдвэр юм гэдгээ харууллаа. “Ба”-ийн үед манай ЗГ барин тавин давагдашгүй хүчин зүйлийн өмнө баярлууштай шийдвэр гаргасан нь хүн бүрт нэгийг бодогдуулсан байх. Өнөө “Тунгалаг Тамир” кинонд Ням өвгөний хэлдэгчлэн “ Ардын засгийн минь хишиг, гэхдээ л Итгэлтийн минь буян” гэдэгчлэн “ Төрийн минь хишиг ч, гэхдээ л “Бор уулын минь буян” хэмээн нийгэм даяараа алга ташуулсан нь хэн хүний сэтгэлд тод, санаанд ил үзэгдэл болчихуй. Энэ бол эх орны хишиг ч биш, нөхөн олговор ч биш, энэ үйлдвэр нэг талдаа Монгол төрийн мэдэлд 100 хувь ирснээр “Хар гэртээ хаан, бор гэртээ богд” болоод байгаагийн хаялага юм гэж хэлж болно.
Х.Бадамсүрэн бол хаанаас нь яаж ч харсан оюуны төрмөл нөөц, боловсролын олдмол суурь, мөн чанараараа ч уул уурхайн салбартаа, мэргэжлийн хүрээнд яах араггүй хүлээн зөвшөөрөгдсөн ГОРНЯК, шилдэг мэргэжилтэн, өөрөөрөө гялталзсан ШИЖИР АЛТ юм. Ийм хүнийг горнякууд САМОРОДОК гэж нэрлэдэг. Хэн ч маргахгүй. Сүүлийн 20-иод жилд манай улсын орлогын эх үүсвэр болсон Эрдэнэт –үйлдвэр, ТӨҮГ болсноор улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж түүхэн олон дээд амжилтын эзэд болж, үйлдвэрлэлийн төвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүллээ. Тоонд зиндаархгүйгээр хэлэхэд хүдэр олборлолт, боловсруулалт, борлуулалтын орлогоороо ч, цэвэр ашгийн төлөвлөгөөгөөрөө ч улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлснээрээ ч Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтийг гаргалаа. Энэ бол манай горнякууд цараатай сэтгэж нөлөөтэй ажилласны үр дүн. Эрдэнэт үйлдвэрийн нэг онцлог нь хүний “чадварт” тулгуурласан бодлого, практик нь системтэй явж ирсэн байдаг. Энэ тулгуур зарчмыг “Ба” захирал алдаагүй, тиймээс ч тэр би гэхээсээ бид гэж ярьдаг.
“Ба” захиралд Говийн өвгөдөөс өвлөгдсөн уужуу ухаан, том бодол, агуу санаа, технократ чадвар ажиглагддаг. Мэргэжил өндөр, мэдлэг чадвартай, үе үеий инженерүүд үйлдвэрийн өргөтгөл шнэчлэлийн ажлуудыг төлөвлөгөөний дагуу шат дараалан хийсээр бүйг дурьдах юм бол тайлан болно. Энэ бүхнийг бүтээсэн хийж хэрэгжүүлсэн шат шатны тэргүүлэх мэргэжилтнүүдэдээ миний үед гэсэн нэгэн орон зайг үлдээе.
Сурсан эрдэм, олсон боловсрол, ажилласан туршлагаараа ч мэргэжлийн үнэ цэнэ хэзээ ч буурдаггүй, нас ахих тусам өөрөөрөө шижир алт шиг гэрэлтэж байдаг юм гэдгийг “Ба” захирал харуулж чадлаа. Чадна гэдэг болгож бүтээхийн нэг хэлбэр. Ингэж чадаж байж бид дэлхийн даяарчилсан энэ өрсөлдөөнд ялж чадна. Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ-ийн үйл явц бол үндэсний хэмжээний үйл хэрэг юм. Яагаад гэвэл нийгмийн хөгжлийн жинхэнэ зорилго нь Үндэсний дэвшил юм. Энэхүү үндэсний дэвшил нь дотоод үйл явц, үйл хэргээр илэрдэг. Энэ үндэслэлээр харах юм бол, Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ-т үндэсний боловсон хүчин , тэргүүлэх мэргэжилтэн, мэргэшсэн ажилчид, Монгол инженерүүд цөм байна
Сэтгүүлч, нийтлэлч О.Эрдэнэжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.